“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар хамтран мэдээлэл хийв.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд 42 сая мод тарьж, арчилж, хамгаалж байна. Мөн 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ. Аймаг, нийслэл, байгууллага, аж ахуйн нэгжүүд, түүний дотор уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон 21 байгууллага үндэсний хөдөлгөөнийг дэмжин, 2030 он хүртэл нийт 608 сая мод тарьж ургуулахаа батламжилсан.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр танилцууллаа.
Аж ахуйн нэгжүүд одоогоор 6,2 сая мод тарьж, 6,6 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлэн, жилд 17 сая тарьц үржүүлэн бойжуулах мод үржүүлгийн газар байгуулжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Өсөх зоос”, “Бороо гоулд” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ тарьж, ургуулж байгаа модныхоо тоогоор бусдыгаа тэргүүлж байна.
Аж ахуйн нэгжүүдээс:
- “Эрдэнэс Тавантолгой” ХК 8 сая,
- “Өсөх зоос” ХХК 1,5 сая,
- “Оюу Толгой” ХХК 928 мянга,
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 590 мянган ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт юм.